news.mn economy.news.mn google.com
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

Төр буудайн салбарт хэтэрхий орж байна

2013 оны 1 сарын 11

“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүнтэй ярилцлаа.

- Үндэсний үйлдвэрлэгчид чанаргүй  гурил үйлдвэрлэж хэрэглэгчдээ бухимдууллаа гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд хүчтэй сонсогдож байна. Гурилын чанар муудсан нь ямар шалтгаантай юм бол?

- Компанийнхаа зүгээс танай сониноор дамжуулан хэрэглэгчдээсээ уучлалт гуйх нь зүйтэй байх. Бид өмнө нь нийлүүлж байсан гурилынхаа хэмжээнд  хүрэхүйц чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байгаа нь үнэн.  Тиймээс манай бүтээгдэхүүнийг аваад сэтгэл хангалуун биш байгаа, бидэнд гомдсон хэрэглэгчдээсээ хүлцэл өчье. Манай компани хэрэглэгчдийн шаардлагыг хангаагүй  гурилуудаа буцаан авч мөнгийг нь өгч эхэлсэн. Бас дэлгүүрүүдээс татан авалт хийж, гурилаа сольж өгч байна. Гомдол гараад байгаа гурилуудыг өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард үйлдвэрлэсэн юм.  Арванхоёр, нэгдүгээр сараас байдал сайжирсан. Энэ хугацаанд хийсэн гурилууд дээр гомдол гайгүй байгаа. Өөрөөр хэлбэл, манай үйл ажиллагаа хэвэндээ орж байна. Чанаргүй гурилын гол шалтгаан нь буудайн болц оройтсонтой холбоотой. Өнгөрсөн зун сүүлийн хэдэн жил ороогүй маш их хур тунадас орсон. Нар гарахгүй бороо ороод байхаар буудайн цавуулаг нь угаагдчихдаг. Нөгөө талаас нар гарахгүй байхаар болц нь гүйцдэггүй. Зарим тариаланчид буудайгаа жаахан орой тарьдаг учраас  болц нь гүйцдэггүй асуудал гардаг. Болц нь  гүйцээгүй  байхад хүйтэрчихээр  буудай хяруунд цохиулж хорчийж хайрагддаг. 

- Энэ жил яамнаас их хэмжээний ургац авлаа гэж мэдээлсэн болохоор хэрэглэгчид чанаргүй гурилын шалтгааныг шууд улаан буудайтай холбож бодохгүй байж мэдэх юм. Ер нь гурилын үйлдвэрүүд дээр ирсэн буудайнууд чанарын хувьд ямар байсан бэ?

- Яг үйлдвэрт ирсэн буудайны хувьд   стандартад тэнцэхгүй, чанарын шаардлага хангахгүй буудай их гарсан.  Өмнөх жилүүдээсээ илт муу байсан. Гэхдээ энэ бүхэн хүний хүчин зүйлээс хамаарахгүй асуудал л даа.

- Гэхдээ л жилийн жилд  гурил үйлдвэрлэгчид буудайн чанарыг голж, тариаланчид болохоор шилж авлаа гэж гомдоллодог. Ер нь улаан буудайн чанар хэтээсээ муудаад байгаа юм биш үү?

- Улсаас тэтгэдэг  болсон учраас энэ салбарынхан тооны хойноос хэтэрхий хөөцөлдөж байна.  Нэг тонн буудайнд 50 мянган төгрөг өгч байсан бол одоо 100 мянган төгрөг өгч байгаа. Төр хэтэрхий орж халамжилж байгаа учраас халамжийн салбар болчихсон. Ингэж  хавтгайрчихсан болохоор   чанартаа  анхаарахгүй байна л даа. Асуух ёстой нэг асуулт бий.  Буудайг хэн авч хэрэглэж байна вэ гэсэн асуулт зайлшгүй тавигданаа даа.  Ерөөсөө л гурилын үйлдвэр, спирт, төр гэсэн гурван хэрэглэгч байгаа. Ургацын дараа тушааж байгаа  буудайны 10-15 хувийг спиртийн үйлдвэрүүд, 20-30 хувийг гурилын үйлдвэрүүд авдаг. Харин талаас илүү  хувийг нь төр худалдаж авдаг. Өөрөөр хэлбэл төр худалдан авагч болчихсон. Бизнесмэн төр болсон гэсэн үг. Урамшуулал өгнө, ургуулсан  буудайг нь авна. Төр өөрөө маш том элеваторуудтай. Тэр савнуудаа дүүргэн байж авдаг.  Төр худалдаж авдаг болохоор тендерийн бизнесээс ялгаагүй болсон. Юу ургуулсан ч хамаагүй, муу юмаа өндөр үнээр шахдаг наймаа болсон гэх гээд байна л даа.

- Буудайн болц муу, чанар асуудалтай байсан учраас чанаргүй гурил гарсан юм байна.  Тухайн үед нөөцөөс буудай авдаг ч юм уу маневрлах боломж байгаагүй юу?

- Ургац хурааж эхлэнгүүт байдал хүндрэх нь гэдгийг мэдэж байсан.  Цагаан сарын гурил яах бол,  2013 оны гурилын хангамж хэцүүдэж мэдэхээр байна гэдгийг тухайн үед нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, холбогдох яамны сайд дарга нарт бүгдэд нь хэлсэн, албан бичиг өгч, хүсэлт гаргасан. Түүхий эд ийм  болчихоор  хэчнээн  сайн технологитой, ур чадвартай брэнд байгаад яаж ч чадахгүй шүү дээ. Ид шидтэн биш болохоор тэр түүхий эдийг илбэдээд сайхан болгож чадахгүй.  Буудайн  чанар ийм үед  өмнөх жилүүдэд нь хадгалсан, хэвтэлт гүйцсэн буудайтай хольж, жорлож тээрэмддэг жишиг дэлхийд бий. Тиймээс бид Засгийн газарт улсад байгаа 200 мянган тонн буудайнхаа нөөцнөөс өгөөч ээ, хольж тээрэмдэхгүй бол гурилын чанарт нөлөөлөх гээд байна гэж хэлсэн. Хэрвээ хольж тээрэмдвэл чанартай гурил үйлдвэрлэх боломжтойг ойлгуулсан.

- Бид гэхээр  гурилын бүх үйлдвэр ийм санал тавьсан гэсэн үг үү?

- Тиймээ, ганц манай компани ч биш гурилын бүх үйлдвэр ийм хүсэлт тавьсан.

- Тэгээд ямар хариу сонссон бэ?

- Уг нь тухайн үедээ ойлголцож тохиролцсон юм.  Нөгөөдүүл маань нийлүүлье гээд төчнөөн мянган тонныг тийм үнээр гэж хүртэл ярилцсан. Гэтэл яг гэрээ хийх болонгуут гэрээгээ хийдэггүй. Өөр юм шаардсан. Санамж бичигт гарын үсэг зур, хөнгөлөлтэй зээл ав гэсэн. Тэр яахав, эхлээд буудай нь чухал байна гээд байхад санамж бичиг чухал гээд дайрчихсан л даа. Хэрвээ Засгийн газар аравдугаар сард биднийг хүсэлт тавьж байхад өмнөх жилийн үлдэгдэл буудайнаасаа бага багыг нийлүүлсэн бол байдал өөр байх байсан.  Нөөцөөс өгсөн буудайтай нь 2012 оны хэвтэлт гүйцээгүй буудайгаа холиод  тээрэмдсэн бол  хэрэглэгчид ингэж бухимдахгүй байсан юм.

- Хэвтэлт гүйцээгүй буудай гэдгээ жаахан тодруулаач?


- Улаан буудай  яг л цэцэг шиг амьд организм. Хураасны дараа амьсгалж, хэвтэж тайвширдаг. Мэргэжлийн хүмүүс бол амь тасдах гэдэг юм. Тэгэхийн тулд хугацаа шаардлагатай байдаг. Гурил ч  ялгаагүй. Өнөөдөр үйлдвэрлэсэн гурилаар маргааш бууз хийвэл юу ч болохгүй. Боов ч хийх боломжгүй. Талх, нарийн боовны үйлдвэрүүд гурилын үйлдвэрүүдээс зөвхөн хэвтэлт гүйцсэн гурил авдаг. Хэвтэлт гүйцэхэд  багадаа хорь  хоног шаардагддаг. Тиймээс улаан буудайг аравдугаар  сард хураагаад арванхоёрдугаар сард тээрэмдэх ёстой гэж үздэг юм. Гурилын бүх үйлдвэрүүд буудайны нөөцгүй шүү дээ. Учир нь улс бүгдийг нь авчихаад өгөхгүй байсан. Тэгэхээр шинэ ургацын буудайгаараа хийхээс аргагүй болж байгаа юм. Чанар муу гэж яриад байгаа нь ийм л учиртай. Угаасаа энэ бизнесийг төр хийдэг болчихсон. Урамшуулал олгоно, ургасан буудайны 70-80 хувийг авна, тэрийгээ дараа нь зарна, үнийг нь тогтоодог. Гэхдээ зарах хүндээ л зардаг. Гэсэн хэрнээ асар их мөнгийг төсвөөс зарцуулдаг. Нэгэнт оролцсон бол оролцсон шиг оролцож өгөх цагтаа май гээд өгч байх ёстой. Эсвэл бүр оролцохгүй байх хэрэгтэй. 

- Та төр жинхэнэ утгаар нь оролцож чадахгүй байна гэж хэлэх гээд байна уу?

- Аливаа бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, үйлдвэрлэлтийг зах зээлд нийлүүлнэ гэдэг бол менежмэнт шаардсан ажил. Гадаад, дотоодын мэдээлэл, ур чадвар, хөрөнгө мөнгө, үйлдвэрлэлийн техник технологи, капитал хэрэгтэй. Өдөр тутам хийх ёстой  ажил. Үнээ байнга мэдэрч байх ёстой. Үүнийг хувийн хэвшил л хийдэг. Төр хэзээ ч хийж чадахгүй.  Үнэхээр энэ бизнесийг хиймээр байвал яамны сайд, дарга нар нь ялгаагүй компани байгуулаад өрсөлдөх ёстой. Нэг өдөр нь өрсөлдөөд нөгөө өдөр нь болиод байвал  зах зээлд сөрөг нөлөө үзүүлээд байдаг. Нэг бол илүүдэл үүсгээд, эсвэл хомсдуулаад, чанарыг нь алдагдуулаад байдаг.  Хэрвээ төр огт оролцохгүй, буудай худалдаж авахгүй, урамшуулал олгохгүй, мөнгө хаяхгүй байвал  хувийн хэвшлийнхэн буудайгаа аваад, өндөр үнэтэй байсан ч гэсэн чанартай юмаа хийгээд явах байсан

- Үндэсний үйлдвэрийн гурил дээр өмнө нь ийм айхтар гомдол гарч байгаагүй санагдах юм?

- Хэрэглэгчдэд сонголт байсан учраас гомдол гардаггүй байсан юм. Гэтэл өнөөдөр тэдэнд сонголт алга. Өмнө нь дотоодын үйлдвэрийн гурилын чанар муу байвал сайн чанарын орос гурилыг яг адилхан үнээр авчихдаг байсан.  Харин өнөөдөр нэг кг орос гурил 1300 төгрөг. Манай гурил өсөөд өсөөд 750 төгрөг. Орос гурилд өрсөлдөх ямар ч боломж байхгүй байна. Тэгэхээр хямдыг нь аваад гомдоллохоос өөр аргагүй болчихож байгаа юм. Төр орсон учраас буудай, гурилын үнэ маш доогуур байна. Төрийн бодлогоор үнийг нь  барьсан учраас дэлхийн зэх зээлээс буудай, гурил орж ирэхгүй байна. Тэгэхээр төр  хэрэглэгчдэд  юу санал болгоод байгаагаа  эргэж харах ёстой болчихоод байна л даа.

- Хямд хэрнээ чанаргүй гурилаа идвэл ид, та нарт сонголт байхгүй гээд тулгачихжээ гэж ойлголоо. Хямд хэрнээ өргөн сонголттой байх гарц бий юу?

- Хэрэглэгчдэд сонголт, өрсөлдөөн чухал уу, үнэ чухал уу гэдэг асуудал бий. Хоёулаа зэрэг орших боломж  хэзээ ч байхгүй. Хэрэглэгчдийг хямд гурил идүүлье гэвэл сонголтыг нь хаахаас аргагүй болдог.  Хямдхан гурилаа сонголтгүй идэхээс аргагүй гэсэн үг. Өрсөлдөөнийг бий болгоё, сонголттой байлгая  гэвэл дотоодын буудай, гурилын үнэ чөлөөтэй, гаднаас орж ирж буй буудай,  гурилтайгаа ижил байж чадвал хэрэглэгчдэд сонголт бий болно. Дотоодын гурил нь нялцайгаад байвал орос гурил авчихна гэсэн үг. 

- Танай компани  санамж бичигт гарын үсэг зурж хөнгөлөлттэй зээлд хамрагдаагүй  болохоор нөөцийн буудайнаас аваагүй гэсэн үг үү?


- Санамж бичигт гарын үсэг зураагүй, хөнгөлөлттэй зээлээс татгалзсан компанид мэдээж   өгөхгүй.

- “Алтан тариа”-н буудайн нөөц хэзээ дуусах вэ?


- Зургадугаар сарын нэгэн гэхэд дуусах байх.
 
- Намрын ургацтай залгатал хугацаа байна шүү. Түрүүн таны хэлснээр  ургацын  дараа хэвтэлт гүйцэхийг нь хүлээнэ гэж бодвол хугацаа нь бүр уртасч таарна.   Тэгэхээр улсын нөөцөлсөн буудайнаас авахаар өөр аргагүй болох нь дээ?

- Өгөхгүй биз дээ.

- Тэгвэл...?

- Үйлдвэрээ хаах байх даа.

- Төртэй ойлголцоход хэцүү байна уу?


- Хэцүү ш дээ. Салбарын сайд нь өөрөө талх, гурил хийдэг хүн байхад би яаж ойлголцох юм. Тэр хүний хувийн ашиг сонирхол байгаа шүү дээ. Газрын дарга нар нь, яамныхан нь тэр чигээрээ тариа тарьдаг, ийм бизнес хийдэг. Тэгэхээр би эдэнтэй  яаж ойлголцох юм бэ.

Ц.БААСАНСҮРЭН
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой