news.mn economy.news.mn google.com
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

Төмөр зам дагасан Оросын ашиг сонирхол

2013 оны 02 сарын 22

Манай сайтын уншигч, "Геополитикийн хүрээлэн" ТББ-ын захирал Д.Мягмар дараах нийтлэлийг ирүүлжээ.

Сүүлийн үед манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр Тавантолгойн орд газраас олзворлох нүүрсийг гадаадын зах зээлд гаргахын тулд төмөр замыг хаагуур, яаж, ямар царигтайгаар тавих талаар зарчмын зөрөөтэй санаа, бодлуудыг дэвэргэсэн нэг төрлийн “дайн” дэгдээд байна. Энэ асуудалтай холбогдол бүхий материалуудыг уншиж үзэхэд хэдийгээр олон янзын санаа бодол илэрхийлэгдэж, бие биенээ хардаж, сэрдэж, мушгиж, муулж байгаа боловч эцсийн дүндээ Монголын төмөр замыг дагасан хөрш орнуудын маань ашиг сонирхол уг “дайныг” өдөөгч гол хүчин зүйл болох нь ойлгогдож байгаа юм. Иймийн учир, бас ч гэж аюулгүй байдал, геополитик судлалын салбарт ажилладаг гэж тооцогддог хүний хувьд асуудлыг энэ талаас нь арай жаахан гүнзгийрүүлж харвал яасан юм гэж бодлоо. Ингээд эхлээд манай хойд хөрш ОХУ-ын хэвлэлүүдэд 4-5 жилийн өмнө буюу төмөр замын тухай асуудал анх босож ирсэн тэр үед юу гэж бичиж байсныг бага зэрэг ухаж үзвэл бас сонин зүйл ажиглагдаж л байх юм.

Мэдээллийн агентлаг  Регнум


2009.04.11

2009 оны 4 дүгээр сарын 10-нд ОХУ-ын Төрийн Думын үндсэн хуулийн хууль тогтоомж, төрийн байгуулалтын хорооны орлогч дарга Виктор Илюхин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт хандаж Монголын Ерөнхий сайдтай хийх хэлэлцээрийн агуулгын талаар санал тавьсан байна.

Илюхины үзэж байгаагаар “... Монгол Улсын Засгийн газар үнэн чанартай Орос улсын хувьд нөхөрсөг биш эдийн засгийн бодлого явуулж байна. “... Орос, Хятад, Барууны орнууд хоорондын эдийн засаг, геополитикийн зөрчилдөөнийг ашиглан Монгол Улс тоглоомын дүрмийг дураараа өөрчлөх, харилцан ашигтай түншлэлийн хөгжүүлэхийг бодохгүйгээр Орос улсын хувьд улам бүр нөхөрсөг бус байр суурь баримтлах боллоо. ... Монгол Улсад эрчим хүчний нөөц, үр тариаг хөнгөлөлттэй нийлүүлэх, түүнчлэн Монголын ЗХУ-д өгөх ёстой байсан өр шиг хэзээч буцааж төлөгдөхгүй нь тодорхой зээл өгөх зэрэг бодлогоо үргэлжлүүлэх нь Монгол Улс Орос улс хоёрын хооронд бодитой бий болоод байгаа нөхцөл байдалтай зөрчилдөж байна. ... Хэлэлцээрийн явцад ярилцах асуудлыг Монгол Улс дахь оросын ашиг сонирхолыг хамгаалах асуудалтай хатуу холбож үзэх нь зүйтэй байна.

Хэрэв Монголын тал оросын компаниудад үйлчилж буй гэнэтийн ашгийн татвараа цуцлах тухай баталгаа гаргаж өгөхгүй (ийм хөнгөлөлтийг барууны оролцоотой хэд хэдэн компани эдэлдэг) өөрийн хууль, тогтоомжуудаа ОХУ, Монгол Улс хоорондын гэрээнүүдийн хэм хэмжээтэй нийцүүлэн өөрчлөхгүй бол Монголын талын зээл авах хүсэлтийг биелүүлэхгүй байх шаардлагатай гэж үзэж байна. Үүнээс гадна Оросын нүүрс, устөрөгчийн түүхий эдийн Монголд нийлүүлэх хэмжээг багасгах бололцоог авч үзэх нь чухал байна. Оросын ашиг сонирхлыг цаашид доорд үзэх явдлыг харилцан хөрөнгө оруулалтыг хамгаалах орос-монголын хэлэлцээрийг биелүүлэхийг манай улсын зүгээс зогсооход хүргэх Монгол Улсын Оросын эсрэг нөхөрсөг бус үйл ажиллагаа гэж үзэхийг санал болгож байна” гэжээ.


“Федерал  Пресс” агентлаг

2009.05.08

... Гуравдугаар сард болсон “Дамжуулан өнгөрүүлэх Монгол” чуулга уулзалт дээр “Оросын төмөр зам” хувь нийлүүлсэн нээлттэй нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Вадим Морозовын мэдэгдсэнээр “... Орос улс Улаанбаатарын төмөр замд хөрөнгө оруулахдаа түүнийгээ түргэн нөхөн олж авахаар тооцож байна. Гэвч оруулахаар төлөвлөж буй хөрөнгийг тарифыг өсгөх аргаар богино хугацаанд нөхөн олох боломжгүй юм. Үүнээс гадна хэт өндөрсгөсөн тариф нь үнэн чанартаа эдгээр орд газрыг ашиглах хэрэгтэй эсэхэд эргэлзээ төрүүлж болзошгүй.  Үнэндээ үүний тулд л энэ замыг барих юм. Ийм учраас төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэхэд оруулах хөрөнгийг нөхөн олох эх үүсвэр нь орд газруудыг ашигласнаас олох бидний орлого байна гэж Оросын тал үзэж байна” гэжээ.

Мэдээлэл, дүн шинжилгээний төв Минерал


2009.05.06

Хятад, Орос, Герман Тавантолгойн нүүрсний орд газрын (Монголын) төлөө өрсөлдөж байна.
 
Монгол Улс нь байгалийн баялгийн асар их нөөцтэй юм. Дэлхийн эдийн засагт бий болсон хямралын өнөө үед Тавантолгойн том нөөцийн төлөө тэмцэлдэж эхэлсэн Хятад, Орос, Германы ашиг сонирхол энэ оронд уулзалдлаа.

Засгийн газар Тавантолгойн орд газрыг ашиглах лицензийг худалдаалах нь худалдан авагч компани оршдог улстай орд газрыг холбох төмөр замыг барих хөрөнгө босгох бололцоог олгоно гэж шийдвэрлэсэн юм. Энэ нь Орос, Хятад, АНУ, Япон, Өмнөд Солонгосын болон уул уурхайн “том гурвал болох Vale, BHP Billiton и Rio Tinto-ийн ашиг сонирхол мөргөлдөхөд хүргэсэн болно.

Гэхдээ үүнийг янз бүрээр хийж болох юм. Оросын компаниуд, юуны өмнө “Оросын төмөр зам” хувь нийлүүлсэн нээлттэй нийгэмлэг одоо ашиглаж байгаа ТрансМонголын төмөр замаас салаалах замаар тээврийн урсгалыг Транссибирийн төмөр зам болон Оросын Алс дорнодын боомтууд руу гаргахаар тооцож байна. Харин Япон, Хятад, Солонгосын хэрэглэгчид Тавантолгойг Монголын өмнөд хилийг дайруулан Хятадын төмөр замын урсгалтай холбох сонирхолтой байгаа юм. Ингэснээр Хятадын Бохайн буланд орших хамаагүй ойрхон усан боомтууд руу гарах бололцоотой юм.


Украины “Укррудпром” сайт


2009.05.13

Дэлхийн ураны нөөцийн дөрөвний нэг байдаг Монголд өөрийн байр суурийг алдаж болзошгүйгээ Орос ухаарсан бололтой. Ийм учраас Оросын төмөр зам тоглоомонд оролцож эхэлжээ. Гуравдугаар сард төрийн монопольт энэ байгууллага Монголын Засгийн газартай дэд бүтцийг хөгжүүлэх болон хөдөлгөөнт бүрэлдхүүнийг нийлүүлэх хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан байна.

Монголын Тавантолгойн орд газрын эргэн тойронд олон талт улс төрийн өрсөлдөөн явагдаж байна. Энэ өрсөлдөөнд нөөцийг ашиглах эрх авах нь цорын ганц, тэрч байтугай гол шагнал биш юм гэж Украины нийтлэлч бичиж байна. Үнэн чанартаа хэн Монголын тээврийн дэд бүтцийг байгуулах түнш болж чадна, тэр түүний нөөцийн экспортыг хянах болно.

Орос улс Тавантолгойгоос эх авах төмөр замыг одоо байгаа ТрансМонголын өргөн царигтай төмөр зам хүртэл барих ихээхэн сонирхолтой байгаа юм. Ингэснээр Хятадруу экспортлох нүүрсний замд хангалттай саад босгож түүнийг үр дүнтэй хянах бололцоо гарах юм.

Вадим Морозов хамтарсан аж ахуйн нэгжийн дүрмийн санд орд газрыг ашиглах лицензи эсвэл хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах олборлолт явуулах компаниудын хувьцааг оруул гэж монгол түншүүдээ ятгаж байгаа юм. Гэвч Монголын Засгийн газар Тавантолгойн орд газрын лицензийг худалдаж 2 миллиард  орчим доллар олох тооцоотой бөгөөд үүнийгээ зүгээр л нэг салаа төмөр зам барихад өгөхийг зөвшөөрөх нь юу л бол.

Үнэн хэрэгтээ тэдний санаа биелэгдэх хэрэгт одоогоор ахиц харагдахгүй байна. Магадгүй Морозов монголчуудтай хэтэрхий амжилттай “наймаалалцсан” нь тэдэнд таалагдаагүй байж болох юм гэж Украины шинжээч Галина Резник өөрийнхөө өгүүлэлд бичжээ.

Коммерсант


2009.10.26

Монголчууд хөрөнгө оруулагчдыг буланд шахаж байна.


Алексей Екимовский, Роман Асанкин

Оросын төмөр зам Тавантолгойг авах бололцоо унаж байна


Монголын Засгийн газар Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах улсын тендерт оролцогсодын урьдчилсан жагсаалтыг зарлалаа. Ер нь тендер зарлана гэдэг нь өөрөө “Оросын төмөр зам” хувь нийлүүлсэн нээлттэй нийгэмлэгээс монголын газрын гүний төлөө хийж буй тэмцэлдээ ээлжит ялагдал хүлээж байгаа гэсэн үг юм. Гэвч төрийн монопольт энэ байгууллага тус орны засгийн газрыг тендерээсээ татгалзах байх гэсэн найдлагаа орхихгүй байна.

“Манай төсөл шууд тендер явуулах өмнөх хувилбартай зэрэгцэн хэлэлцэгдэж байгаа гэж хамтарсан аж ахуйн нэгжийн ерөнхий захирал Виталий (Вадим, орчуулагч) Морозов Коммерсант сонинд тайлбарлажээ. Хамтарсан аж ахуйн нэгжийн үзэл баримтлалыг УИХ-ын депутатууд Таван толгойн тендерээс өмнө хэлэлцэнэ гэж  Оросын төмөр зам” хувь нийлүүлсэн нээлттэй нийгэмлэг найдаж байгаа бөгөөд тэгвэл “тендер бүр явагдахгүй байж болох юм” гэсэн байна.

Дүгнэлт маягтай хэлэхэд:

- Монгол Улсын бие даасан хараат бус эдийн засгийн, түүний дотор гадаадын хөрөнгө оруулагчдыг өөрсдөө сонгох бодлого тодорхой хэмжээгээр оросуудад таалагдахгүй байгаа бөгөөд энэ нь Оюутолгойн гэрээ байгуулагдаж, Тавантолгойн тендер зарлагдсанаас хойш улам бүр хүчээ авч байгаа нь ойлгогдож байна. Ийм учир том ах нар маань бидэндээ нэг сайн сургамж өгөхөөр шийдсэн юм биш байгаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна.

- Оросууд эхнээсээ л Тавантолгойн орд газрын төрийн мэдлийн 51 хувийг хамтарсан аж ахуйн нэгж байгуулах замаар үлдсэн 49 хувийг ямарч тендергүйгээр авах бодолтой байсан бололтой. Энэ бодол нь бүтэхгүй, Монгол Улс түншээрээ гуравдагч орныг сонгож болзошгүй нь тодорхой болмогц үүнийг боомилохын тулд зөвхөн Тавантолгойгоос Зүүнбаянгийн чиглэлд төмөр зам байгуулах, бусад чиглэлд зам барих явдлыг зогсоох асуудлыг босгож иржээ гэж бодогдохоор байна. Ингэснээр нэгдүгээрт Тавантолгойн орд газрыг эзэмших тохиолдолд л төмөр замыг чинь сайжруулна гэж монголчуудад шууд тулгах, мөн Тавантолгойн орд газрыг эзэмших лицензийг авсан тохиолдолд түүнийгээ гадаадын зах зээл дээр өндөр үнэтэй зарах, түүнчлэн тээвэрлэлтийн өндөр тариф тогтоож монопольдох замаар гаргасан зардлаа нөхөж олохоор тооцож байсан бололтой.

- Гэхдээ гол учир шалтгаан нь ямарч тохиолдолд Тавантолгойн болон Оюутолгойн бүтээгдхүүнийг худалдан авах зах зээл нь Хятад улс байх учир нэг талаас тээвэрлэлтийг нь хяналтдаа авч Хятадыг хязгаарлах бодлого явуулах, нөгөө талаас стратегийн ач холбогдол бүхий Монголын өмнөд хэсэгт өөрсдийн ашиг сонирхлыг хадгалах зорилго тавьж байгаа нь өөрсдийнх нь болон бусад орны хэвлэлүүдэд бичиж байгаагаас тодорхой талдаа байна.

- Оросын талын саналыг дэмжигч монгол хүмүүсийн гаргаж тавьж байгаа төмөр замын царигийн болон өмнөд хилийг цаана наанаас нь чиглэсэн олон замын урсгалын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд үзүүлэх сөрөг нөлөөлийн тухайд бол:

Нэгдүгээрт,
одоогоор дэлхийн ихэнх улс орон, түүний дотор Монгол Улстай ирээдүйд төмөр замаар холбогдож болох Европын орнууд, БНХАУ, Энэтхэг, Өмнөд Солонгос, Зүүн Өмнөд Азийн орнууд бүгд стандарт буюу нарийн царигтай төмөр зам хэрэглэж байна. Өргөн царигтай төмөр зам нь зөвхөн ОХУ болон өмнө нь ЗХУ-ын бүрэлдхүүнд багтаж байсан улс орнууд болон, ЗХУ-ын батлан хамгаалах салбарын түнш байсан Монгол Улсад ашиглагдаж байгаа юм. Энэ нь хуучин ЗХУ-ын зүгээс эдгээр орныг батлан хамгаалах нэгдсэн бодлогын хүрээнд хараат байдалд байлгах бодлогын үр дагавар байсан тухай гадаадын эрдэмтэд, судлаачид байнга бичдэг, ярьдаг болно. Одоогоор энэ байдлаас гарч дэлхий нийтийн жишигт ойртох зорилгоор Балтийн тэнгис хавийн орнууд буюу Латви, Литва, Эстон, Төв Азиас Казахстан, Киргиз гэх мэт улс орнууд өөрсдөө нарийн төмөр зам байгуулж, өргөн болон стандарт царигийг хослуулан хэрэглэх ажлыг эхэлсэн буюу эхлэхээр төлөвлөөд байна. Цаашдаа ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан бусад орон ч ийм санаа бодолтой байгаагаа илэрхийлж байгаа. Тэд үүнийгээ дэлхийн эдийн засгийн нийтлэг эрх ашигт нийцсэн, түүний дотор тухайн орны эдийн засаг, худалдааны түгжигдмэл байдлаасаа гарах нэг арга зам хэмээн үзэж байгаа юм.

Хоёрдугаарт,
улам бүр даяаршиж, харилцан хамааралтай болж байгаа өнөө үед ямар ч бага улс орон усан боомт, төмөр зам, авто замуудаа хааж түгжих замаар биш харин ч эсрэгээр олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааны түүний дотор эдийн засгийн интеграцид нэгдэх, энэ үндсэн дээр аль болох олон орны ашиг сонирхлыг өөрийн нутаг дэвсгэр дээр бий болгон тэнцвэржүүлэх аргаар үндэсний аюулгүй байдлаа хангах бодлого баримтладаг болоод удаж байна. Ийм учраас Дэлхийн 2 дугаар дайны үед л батлан хамгаалах ач холбогдолтой байсан, дараа нь социалист орнуудын болж хувирсан өргөн төмөр замын сүлжээгээ өргөтгөх, өөрийн нутаг дэвсгэр дээгүүрээ хөндлөн гулд татаж тавих асуудал яриад байгааг бидний хамтрах гээд байгаа гуравдагч хөрш гэгдэх улс орнууд хэрхэн ойлгох, манай улсыг ямар эвсэл холбоонд хамааруулан үзэж болох, бүр үнэнээр нь хэлвэл Монгол Улс урьдын адил өмнө зүгээс үүсэж болзошгүй цэргийн аюул тохиолдвол ОХУ-тай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах бодлоготой юм байна гэж сэжиглэж болзошгүй, ямарч үндэслэлгүй сэтгэгдлийг тэдэнд төрүүлээд байгаагаа бас бодох учиртай мэт санагдаж байна.

Судлаач миний бие ОХУ-ын Монголын төмөр зам дагасан ашиг сонирхлыг дан ганц сөрөг талаас нь тайлбарлахыг урьдал болгосонгүй. Мэдээж хэрэг төмөр замын салбарт ОХУ-тай хамтран ажиллах нь манай улсын хувьд ихээхэн ач холбогдолтойн зэрэгцээ бараг зайлшгүй зүйл болох нь хэн бүхэнд ойлгомжтой зүйл юм. Гацхүү энэ хамтын ажиллагааг хэрэгжүүлэхдээ өөрийн улсын эргэн тойронд бий болсон геополитикийн шинэ нөхцөл байдлыг ухаалгаар тооцохыг л сануулж байгаа ухаантай маань энэ билээ.

Үүний зэрэгцээ миний эхэнд нь хэлсэнээр Хятадын талын ийм төрлийн ашиг сонирхлыг ч бид мөн адилаар харгалзах учиртай болно. Магадгүй дээр өгүүлсэнээс ч илүү “анхаарал татахаар” асуудал энд байж мэдэх юм. Иймийн учир дараагийн нийтлэлээ “Монголын төмөр зам дагасан Хятадын ашиг сонирхол” гэж нэрлэх бодолтой байгаагаа уншигч олондоо хэлэх байна.



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой