news.mn economy.news.mn google.com
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

Ипотекийн зээл ба эдийн засгийн тогтворжилт

2013 оны 6 сарын 24

Цалингаа хурааж хүссэн зүйлээ худалдаж авдаг зах зээлийн хуучин харилцаа бараг л үгүй боллоо. Хүнсний ногоо, мах, гутал, хувцас тэргүүтнээс бусдыг бид зээлээр авч байна. Мэдээж, хэлбэр, хэмжээ, хугацаа, барьцаа, нөхцөл тохирооноос хамаарч зээл дотроо түмэн янз. Чөлөөт эдийн засагт шилжиж, лизинг, моргейж, ипотек гэх үг хэрэглэж эхэлснээс хойш 20 гаруй жил өнгөрлөө. Энэ хугацаанд монголчуудын авсан зээлийн дийлэнх ху­вийг хэрэглээний зээл эзэлж байгааг мэргэжлийнхэн онцолдог. Хэрэв зээлийн бүтээгдэхүүн байхгүй байсан бол аль ч улсад эдийн засгийн дампуурал нүүрлэх аюултай. Байгууллагууд ца­лин­гаа өгч чадахгүй, ажил­гүйдэл нэмэгдэхийн цагт эдийн засгийн бүх харилцаа удааширч, гацна. Тиймээс зээл гэдэг муу зүйл биш харин ч улс орны төвшинд ач холбогдолтой  юм. Хэрэглээний бус зээл гэж юу вэ гэх асуултад хариулахын өмнө бичил оршил өгүүлье. Үнийн дүнгийн багахан хэсгийг төлөөд өнөөдөр сонгосон байрандаа та нүүж болно. Үүний тулд арилжааны банкнаас тавих шаардлагуудыг хангасан байхад л боллоо. Тухайлбал, сар бүр орлогоосоо бага хэмжээний мөнгө төлсөөр 20 жилийн хугацаанд та байрныхаа ордерыг нэр дээ­рээ шилжүүлж авна. Таных болоогүй мөртлөө дотор нь амьдардаг дараа төлбөрт орон сууцны худалдаа нь сүү­лийн 20 жилээс өмнө үзээ­гүй юм байлаа. Магадгүй, өнөөдрөөс 20 жилийн хойно хурааж, хуримтлуулсан мөн­гөө­рөө худалдаж авах байсан орон сууцыг маргааш танд шилжүүлэх боломжийг ипоте­кийн тогтолцоо л бүрдүүлжээ. Үүнийг л хэрэглээний бус зээл гэнэ. Яагаад гэвэл, орон сууц нь өдөр тутмын хэрэглээ биш нэгэн насны эд хөрөнгийн суурь, баталгаа юм. Монголбанк, Засгийн газар­тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн анхны долоо хоног өнгөрлөө. Эрчимтэй өрнөж, амжилтаар дүүрэн үргэл­жилж байгаа ч ойрын хэдэн жилд зогсчих магадлал тун өндөр. Уулын мод хүртэл тоотой, ус хүртэл хэмжээтэй байдаг шиг Монголын нийгэмд ипотекийн зээлийн шаардлага хангах дундаж давхаргын тоо хязгаартай. Тэр ч бүү хэл, байх ёстой хэмжээнээсээ хэд дахин бага. Урьд нь, зээл хөө­цөлдөн, бэлтгэлээ базааж, урьдчилгаа төлбөрөө зэхсэн хэдхэн хүнээр төлөөлж буй Мон­голын дундаж давхарга орон сууцтай болчихсон цагт ипо­текийн зээлийн хөтөлбөр зав­сардаж мэднэ. Тэдний ард өнөөдрөөс л урьдчилгаагаа хуримт­луулъя гэж бодож буй хэдэн мянган хүн байгааг бид таашгүй. Товчхондоо, арилжааны банкны шалгуурт нийц­сэн цөөхөн хүн зээлээр бай­раа авчихвал хөтөлбөр саа­тах магадлалтай. Тэр үед яах вэ.

Үгүйлэгдсээр буй дундаж давхарга

Манай улсын хүн амын дийлэнх нь ядуус, үлдсэн хэсэг нь чинээлэг өрх айл. Яагаад ийм байдалд хүрснийг дурдахаас илүү үүнээс улбаалах хор уршгийг эргэцүүлье. Хамгийн эхэнд, Монголбанкны хэрэгжүүлж буй ипотекийн зээл гацаж болзошгүй. Баячуудаас арай дулимаг, ядуусаас арай баян дундаж давхарга буюу тогтмол орлоготой, түүнээсээ илүүчилсэн жаахан хуримтлалтай, цөөхөн хүнд ипотекийн зээл зориулагдсан. Гэтэл төрийн хайр хишиг, үнэгүй шахам орон сууц хүссэн ядуу өрхөө хэрхэн байртай болгох вэ. Тэд өнөөдөр хэрэг­жиж буй хөтөлбөрийн шаардлага хангахгүй, хан­гах юмсан гэж хүслээ ч боломж нь бүрдээгүй. Нөгөө та­лаас, нийгэмд чинээлэг өр­хийн эзлэх хувь их байгаа нь хөтөлбөрийн зорилго буруу­гаар эргэх эрсдэлийг дагуулж мэднэ. Гэхдээ Зас­гийн газраас 80 ам.метр талбайтай орон сууц хэмээн хязгаарлалт тогтоосон учраас аюулыг зайлуулж дөнгөх биз. Хэрэв хязгаарлалтгүй бай­сан бол чинээлэг өрх 150 ам.метр талбайтай хэт тохилог орон сууцаа аваад, түүндээ хөтөлбөрийн мөнгийг татчихаж болзошгүй юм. Тийм тохиолдолд дундаж давхаргын хоёр өрх 75 ам.метр талбайтай орон сууц авах байсан зээл чинээлэг өрхийг чиглэлээ гэсэн үг. Энэ мэтээр амьдралын төв­шин сайн, өндөр орлого­той иргэдээр дундаж дав­хар­­­­­­­­­­­­гынхны боломжийг бу­лаал­гахгүйн тулд талбайн хяз­гаарлал тогтоосон гэж Зас­гийн газар тайлбарлаж байна.

Дундаж давхарга гэдэг нь тогтмол ажилтай иргэдийн бүлэг юм. Өдөр бүр цэцэг тарьдаг цэцэрлэгч, өглөө бүр автобусанд угтдаг кондуктор, үдийн хоолоо иддэг гуанзны тогооч, хоёр сар тутам амар­даг уурхайчин бол тогтмол ажилтай хүн. Гэхдээ мөнгөний нийлүүлэлтээр дам­жуулан улсынхаа эдийн зас­гийн эрүүл мэндийг сахин хамгаалдаг тус банкныхны гол зорилгод төдий л нийц­дэггүй. Тэдний чин хүсэл юун түрүүнд маш олон ажлын байр. Хоёрдугаарт, экспортлох бү­тээг­­дэхүүний өсөлт. Гуравт, экс­портоор дамжин Монгол Ул­сад орж ирэх гадаад валю­тын өссөн дүн. Төгрөгийн ний­­лүүлэлтээр зах зээл, эдийн засгаа тэтгэж байдаг Мон­голбанкны гол баталгаа нь гадаад валют байдаг уч­раас валютын нөөцөө нэмэ­хийн төлөө ажиллаж буй нь энэ. Тиймээс экспортлох бо­ломж­той, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадамжтай бүтээг­дэхүүнээ дэмжих нь зүйтэй гэж тэд тайлбарлалаа. Яаж дэмжих вэ.

Зорилтот зээлийн зорилготой дэмжлэг

Дэлхийн ДНБ-ий 90 орчим хувийг бүрдүүлдэг 20 улс орныг их 20 хэмээдэг. Товчхондоо, өндөр хөгжилтэй орон. Их 20-иос өмнө дэлхийн ДНБ-ий 60 орчим хувийг бүрдүүлж байсан улс орныг “Жи-8” гэж нэрлэж байв. Эдгээр өндөр хөгжилтэй орны нийтлэг шинжийг авч үзвэл дотоодын нийт бүтээгдэхүүнээр бусдаас “тасархай” илүү. Тэдний хөгжлийг өндөрт өргөж буйд ДНБ-ий дотор үйлдвэрлэл голлох үүрэгтэй байдаг. Энэ шалгуураар Монгол орноо шинжиж үзвэл үйлдвэрлэл хөгжөөгүй. Нөгөө талаас, ноос, ноолуураас бусдаар экспортлох бүтээгдэхүүнгүй нь дэлхийд өрсөлдөх үзүүлэлтээс хойш чангааж байна.

Монголбанк тун удахгүй энэ чиглэлд хөгжлийн хөтөлбөрөө чиглүүлэхээр төлөвлөжээ. Уг нь, бусад улс оронд Зас­гийн газар нь “Экспорт про­­моушн” нэрээр гардан гүйцэтгэдэг гэнэ. Манай улсад л мөнгөний “судас атгасан” төв банкныхан гүйцэтгэхээр зориглож. Гардан ажиллаж буй иргэдээ орон сууцжуулах томоохон хөтөлбөрийнх нь хөтөлгөө морь учраас ан­хаарахаас ч яах билээ. Яаж анхаарч, хэрэгжүүлэхийг одоо танилцуулъя. Юун түрүүнд, арилжааны банкуудад үүрэг даалгавар өгч, ажлын байр ол­ноор бий болгохоос гадна экспорт нэмэгдүүлэх ач холбогдолтой салбарыг зээ­лээр дэмждэг болох гэнэ. Арилжааны банкууд аш­гийн төлөө ажилладаг учраас 4-5 жилийн хойно үр дүн нь мэдэгдэн, ашиг өгдөг үйлдвэрлэл, барилга, боловсруулах болон тээврийн  аж ахуйд зээл олгохоос татгал­заж иржээ. Эрсдэл өндөртэй учраас тэдний ч зөв биз. Харин энэ удаа Монголбанк эрсдэлийг буу­руулж, тодорхой хувийг нь үүрч хамтран ажиллахаар болсон байна. Барилгын салбарт орон сууцнаас гадна үйлдвэр, агуулах байгуулахыг онцоллоо. Түүний дараа дэд бүтэц, тээврийн холбоог сайтар шийдвэрлэхэд арилжааны банкуудаар дэмжлэг хүргэнэ. Гуравдугаарт, дээрх үйлдвэрт боловсруулах ажиллагаа явуулж хил давуулан олон улсад худалдаалах аж. Ийнхүү импорт нэмэгдэх нь эдийн засагт шууд пропорциональ хамааралтай. Төдий хэмжээгээр ажилтай, орлоготой, орон сууцтай иргэдийн тоо нэмэг­дэх боломжтой. 35 хувийн ядууралтай өнөө үед дундаж давхаргын олон иргэн төрөөс халамж авахын төлөө ядуу болж “харагддаг” нь тодорхой болсон. Ажлын байрны судалгаанаас харахад худалдааны салбарт тэсрэлт үүсчээ. Гэвч худалдааны салбар гэх нүүртэй ч Хятадын Эрээнээс бараа импортолж, зах зээлээс валют гаргадаг наймаачид гэдэг нь тодорхой. “Made in Chinа” шошготой бүхнийг Монголд авчирч буй худалдаачид хөгжил, хөгжил хэмээн бувтнах эдийн засагтаа хүчтэй ташуур өгнө. Үйлдвэртэй бол гэдгийг өдөр бүрийн импорт нь сануулж, улам хүчтэй алгадах аж. Өрх бүр орон сууцтай болох боломжийг бүрдүүлэхийн тулд ажлын байрыг нэмэгдүүлэх нь мэдээж. Ажлын байр аж үйлдвэрийн хөгжлөөр хэм­­­­­­жиг­дэх юм. Экспортод гарч, дэлхийн эдийн засагт өр­сөлдөх чадалтай бүх бү­тээгдэхүүний үйлдвэрлэлийг төв банк бодлогоор дэмжин, зээл олгоно. Эс тэгвэл ядуу, ядуу гэж бие биеэ харсаар суух монголчууд өнөөдрийн Улаанбаатар утаатайгаа, улс орон ядууралтайгаа он жил өнгөрөөсөөр байхыг үзнэ.

Тасралтгүй өөдлөх тогтолцоо

Ипотекийн зээл хэрэгжин, иргэдээ орон сууцанд оруулаад эхэллээ. Тун удахгүй банкуудад хүүний төлбөр, зөрүү мөнгөний эх үүсвэр эргэн төвлөрнө. Мэдээж, алхам тутамд ашиг олох зорилготой банк орж ирсэн мөнгөө дэмий хадгалахыг хүсэхгүй. Дахиад иргэдэд зээл болгож гаргая гэхэд эрэлт суларчихсан байвал яах вэ. Тэгвэл дээр өгүүлсэн үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд цугларсан мөнгөө зориулах юм байна. Үүний үр дүнд ядуу иргэд ажилтай болж, дундаж давхарга руу шилжин, хэсэг хугацааны дараа ипотекийн зээлдэгч болно гэсэн үг. Тогтолцоо ийнхүү үргэлжилнэ.

Хүний анхдагч хэрэгцээ нь хоол, хувцас, орон байр хэдий ч ханашгүй их шуналын ачаар илүү хөдөлмөрлөх шаардлагатай болдог. Нэг гуталтай бол солиод өмсчих хоёр дахь гуталны төлөө. Хоёр дахь гутлаа авчихаад чөлөөт цагаараа, зуны халуунд, цасанд гулгах, ууланд авирах, үдэшлэгт оролцоход өмсөх төрөл бүрийн гутал авах болдог. Яг үүний адилаар өнөөдөр айлын хажуу өрөөнд суугаа бол нэг өрөө, хоёр өрөө, өөрийн гэр, хашаа байшин, орон сууц, тохилог хаус болгохын төлөө шуналын харгуй үргэлжилнэ. Үүнийхээ л төлөө хүн хөдөлмөрлөж байгаа тул зогсолтгүй эргэх хүч гэдэг шиг ипотекийн зээл тасрашгүй үргэлжилнэ. Энэ үргэлжлэлийн онцлог нь үргэлж өөдлөх чиглэлтэй. Макро эдийн засаг тогтвортой байвал банкны систем эрүүл байна. Банкны тогтолцоо эрүүл бол найман хувийн хүүтэй ипотекийн зээл байнга нийлүүлнэ. Ипотекийн зээл тасралтгүй байхын тулд худалдан авагчдаа зогсоож болохгүй. Үүний төлөө ажлын байр нэмэх, бүр олон хүн ажилтай болгох, тогтвортой ажиллуулах шаардлага бий. Энэ бүхэн нь эргээд макро эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлж явах юм. Товчхондоо, нэг нь нөгөөгөө дэмжиж эргэх холбоо үүснэ. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын тухай хууль, гадны орнуудаас эдийн засгийн харилцааны түншлэл эхлүүлэх олон нөхцөлийн үр дүнд эдийн засаг аяндаа өсч эхэлнэ. Хөрөнгө оруулалтын үр дүнд манай улсад байрших гадаад валютын хэмжээ нэмэгдэж, төдий хэмжээгээр зах зээл дээрх төгрөгийн нийлүүлэлт сайжрах юм. Зах зээлд хэдий хэмжээний мөнгө эргэлдэнэ, түүгээрээ өсөлт, үр өгөөж тодорхойлогдох учраас дээрх бүгд сайн зүйл гэдэгт итгэж болно. Найман хувийн хүүтэй ипотекийн зээл хэзээ дуусах вэ гэж асуувал бүх иргэнээ орон сууцтай болгож, эдийн засгийн өсөлт тогтворжиж, үйлдвэрлэл хөгжсөний дараа гэж хариулах байна. Энэ нь, өөрөө тасралтгүй үргэлжлэх явц билээ.

Эх сурвалж: www.assa.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Энэ сэдвээр: Орон сууцны зээл
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой