news.mn economy.news.mn google.com
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

Уурхайчид өргөх бичиг барилаа

2011 оны 6 сарын 14

Багануурын нүүрсний уурхайн ажилтан, ажиллагсад  сүүлийн үед нэр бүхий улстөрчдийн анхаарлыг татаад байгаа “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын томилгооны асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна. Учир нь тус компанийн гүйцэтгэх захирал, Д.Дамбапэлжээ гавьяаныхаа амралтыг эдлэхээр чөлөөндөө гарах болсонтой холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир тэргүүтэй зарим улстөрчид уг албан тушаалд тавиулахаар Төрийн өмчийн хороо, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны удирдлагуудад өөрсдийн хүнийг санал болгоод байгаа юм байна. Үүнийг Багануурын уурхайчид улстөрийн лобби гэж үзэн  эсэргүүцэж, хэрвээ нүүрсний салбарыг мэддэггүй, хэн нэгэн улстөрчийн “халаасны хүн” ирвэл хүлээж авахгүй гэдгээ Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт мэдэгдэж, өргөх бичиг барьжээ. Үүнээс гадна цаашид өргөх бичгийн хариуг хэрхэн өгөхөөс шалтгаалж, тэмцлийн дараагийн хувилбарыг сонгоно гэдгээ уурхайчид сануулсан байна.


Багануурын уурхайчдын барьсан өргөх бичгийг  бүрэн эхээр нь хүргэе.

ТӨХ-ны дарга Д.Сугар,
ЭБЭХ-ний сайд Д.Зоригт танаа


Өргөх бичиг хүргүүлэх тухай

Таны энэ өдрийн амгаланг эрье.

Багануурын уурхай нь анх 1978 онд Төвийн эрчим хүчний системийн харъяа Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зориулалтаар байгуулагдан 33 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд тус уурхай Монгол Улсын нийт нүүрсний хэрэгцээний 50 хувь, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 60- 70 орчим хувийг дангаараа хангаж ирсэн.

Анх байгуулагдаж эхэлснээсээ хойш өнөөдрийг хүртэл 33 жилийн хугацаанд нийт 270,5 сая м3 хөрс хуулж, 85,1 сая тн нүүрсийг олборлон, 120 га газар нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэж, эх орныхоо тэргүүлэх үйлдвэр болтлоо өсч хөгжсөнд нийт уурхайчид бид бүхэн бахархаж байдаг юм. Уурхайчид бид бүхэн өнгөрсөн хугацаанд дан ганц уурхайн үйл ажиллагааг тогтворжуулаад зогсохгүй дулааны цахилгаан станцууд түүнчлэн Монгол Улсын түлш эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангаж, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн.

Уурхай ганц нэг хүний нэгэн зуурын ажил хэзээ ч байсангүй, уурхай, уурхайчин гэдэг гэгээн нэрийн цаана эрдэнэ баялгийг нээсэн, өрөмдлөг тэсэлгээ хийж, хөрс хуулж тээвэрлэж, нүүрс гарган хэрэглэгчдэд хүргэж, техник жолоодож, засварлах, эдгээр бүх ажлыг менежментийн хувьд хөтөлж, нүүрсийг жинхэнэ утгаар нь хар алт болгож чадсан уурхайчин биднийг нэг зүгт, нэгэн зорилгын төлөө чиглүүлсэн үе үеийн уурхайн, уурхайгаас төрсөн удирдлагуудын хувь нэмрийг үнэлж баршгүй юм.

Өнөөдөр дэлхий нийтэд нүүрсний салбар өндөр хөгжиж, зах зээлийн харилцааны сонирхолтой бөгөөд хариуцлагатай цаг үетэй бид тулаад байна. Чухамхүү энэ хариуцлагатай эгзэгтэй цаг мөчид уурхайн удирдлагыг солих, тэр дундаа нүүрсний уурхайд ажиллаж байгаагүй, тухайн салбарт туршлага бага, Багануурын уурхайг мэдэхгүй хүнээр солих асуудал яригдаж байгаа нь харамсалтай бөгөөд эмгэнэлтэй хэрэг болох вий гэж эрх биш санаа зовоход хүргэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаачлан “улс төрийн бялуу” хуваах, мөнгө угаах, сонгуулийн зардлаа олох зорилго агуулаагүй гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ “гадны хүн” томилогдон ажиллах нь энэ уурхайн ирээдүй, цаашлаад Монгол улсын эрчим хүчний системд эрсдэл учруулж болзошгүй юм.

“Багануур” ХК нь 1100-аад ажилтантай бөгөөд үүний 10 хувийг салбартаа тэргүүлэх зэрэглэлийн мэргэшсэн дадлага туршлагатай инженер- техникийн ажилчид эзэлдэг ба 30 хувь нь 0- 5 жил, 24 хувь нь 6- 9 жил, 46 хувь нь 10-аас дээш жил ажилласан бөгөөд тогтвор суурьшилтай, хүний нөөцийн хувьд хангалттай бэхэжсэнийг харуулж байна. Монгол Улсын эрчим хүчний чалбар, Улаанбаатар хотын зүрх нь болсон уурхайн гүйцэтгэх захирлыг томилохдоо ажлаа мэддэг, дадлага туршлагатай, Багануурын уурхайн дотроос томилох хэрэгтэй гэж үзэж байна.

Үе үеийн засгийн газар нүүрсний үнийг өртгөөс нь доогуур тогтоож байснаас компани санхүүгийн хувьд бүрэн бие даах, жил бүр тоног төхөөрөмжүүдийн парк шинэчлэл, засвар үйлчилгээ хийх, бусад хөрөнгө оруулалтаа хийж чадахгүй байдалд хүрч, улмаар техник, тоног төхөөрөмжийн хувьд бүрэн хоцрогдож, уулын ажлын горим алдагдан, технологийн хүндрэлд орж, жил бүр авахад бэлэн нүүрсний нөөц буурахад хүрсэн. Энэ байдлыг бид бүхэн удаа дараа холбогдох дээд шатны байгууллагуудад мэдэгдэж авах арга хэмжээний саналыг хүргүүлж байсан. Гэвч зохих арга хэмжээг тухай бүрт нь авахгүй байсаар өнөөг хүрсэн.
Энэ мэтчилэн уурхайн ирээдүйн төлөө санаа тавихгүй байж цаашлан гол баялаг болсон хүний нөөцийн томилгоонд бодлогогүй хандаж байгаа нь удирдах дээд шатны байгууллагуудын хувьд “Багануур” ХК-ийг гаргуунд гаргаж байгаагаас өөрцгүй зүйл болж байна. Цаашид энэ асуудал болон бусад шийдвэрийг компанийн эрх ашигт үл нийцэх байдлаар гаргавал “Багануур” ХК-ийн нийт ажилчид бид тэмцэхээ мэдэгдье.

БАГАНУУР ХК-ИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛЧИД




Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой