news.mn economy.news.mn google.com
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

Дундаж цалингийн хэмжээ 427,7 мянган төгрөг байна

2011 оны 8 сарын 11

Үндэсний статистикийн хороо энэ оны хоёрдугаар улирлын хөдөлмөр эрхлэгчдийн дундаж цалингийн хэмжээг түүвэр судалгаагаар гаргасан байна. Үүнийг тогтоохдоо нийслэлийн 195, аймаг, орон нутгийн 825, нийт 1020 аж ахуйн нэгж, байгууллагын 150.7 мянган ажилтанг хамруулжээ.

Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 2011 оны хоёрдугаар улиралд 427.7 мянган төгрөг хэмээн тогтоогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 89.1 мянган төгрөг буюу 26.3 хувиар нэмэгджээ.  Харин эрэгтэй ажиллагчдын сарын дундаж цалин 470.2 мянган төгрөг болж, эмэгтэйчүүдийнхээс 81.8 мянган төгрөгөөр илүү дүн гарчээ.

Мөн салбар тус бүрээр цалингийн дундаж хэмжээг гаргасныг сонирхуулъя.

  • Төрийн удирдлага, батлан хамгаалах, нийгмийн даатгалын салбарын ажиллагчдын сарын дундаж цалин 432.2 мянган төгрөг
  • Тээвэр, холбоо, агуулахын аж ахуйн салбарынх 468.8 мянган төгрөг
  • Уул уурхайн олборлох аж үйлдвэрийн салбарынх 750.2 мянган төгрөг
  • Санхүүгийн зуучлалын үйл ажиллагааны салбарынх 846.7 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас өндөр байна. Харин,
  • Боловсруулах аж үйлдвэр, цахилгаан, хий үйлдвэрлэл, усан хангамж, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж болон үл хөдлөх хөрөнгө, түрээс, бизнесийн бусад үйл ажиллагааны салбарынх 6.4-91.8 мянган төгрөг
  • Зочид буудал, зоогийн газар, барилга, нийгэм бие хүнд үзүүлэх үйлчилгээний салбарынх 119.5-130.4 мянган төгрөг
  • Бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн засвар үйлчилгээ болон хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуйн салбарынх 179.8-220.1 мянган төгрөгөөр бага байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд, хязгаарлагдмал хариуцлагатай компани, төрийн өмчит үйлдвэрийн газар болон хувьцаат компанид ажиллагчдын сарын дундаж цалин 2011 оны хоёрдугаар улиралд улсын дунджаас 9.7-52.8 мянган төгрөгөөр илүү байна. Мөн төсөвт байгууллагад ажиллагчдын сарын үндсэн цалин 407 мянган төгрөг гэсэн дүн гарчээ.

Б.БОЛОР

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой